Хүнд даацын машин механизмууд яаж ажилладаг вэ?

      Хүнд даацын техник,  тоног төхөөрөмж нь  уул уурхай, зам,  барилгын бүх төрлийн ажилд зайлшгүй шаардлагатай байдаг . Товчхондоо бүх төрлийн газар шорооны ажил нөхөн сэргээлт зам барилга,  ачиж буулгах үйл ажиллагаа, төрөл бүрийн барилгын төсөлд шаардагдах иж бүрэн механикжсан төхөөрөмж юм. 

       Та бүхэнд уул уурхай, зам барилгын салбарт өргөн хэрэглэгддэг дараах техникүүдийг танилцуулж байна. 

1. Экскаватор 

      Экскаваторыг ихэвчлэн газрын гадаргаас хөрс, нүүрс, лаг,  сул хөрс, чулуулаг зэргийг ухаж ачихад ашигладаг.  Экскаваторын чухал гурван үзүүлэлт бол: ажиллах жин (масс), хөдөлгүүрийн хүч, шанаганы багтаамж юм. Утгуурын төрлөөр экскаваторыг шууд болон урвуу утгуурт  гэж ангилна.

2. Дугуйт ачигч 

Нэг шанагат ачигч нь ил уурхайн технологийн ажиллагаанд өргөн хэрэглэгддэг. Хийцийн хувьд хамгийн энгийн бөгөөд ашиглалтын хувьд найдвартай, ажиллагаа өндөртэй, хийн дугуйт ба гинжит явах ангитай нэг шанагат ачигч юм. Нэг шанагат ачигчийн ажлын хэсгийн үндсэн элемент нь сумны төгсгөлд бэхэлсэн шанага болно. Шанага дүүргэлтийг явах ангийн зүтгэх хүчний үйлчлэлээр эсвэл машин зогсож байх үедээ сум, шанага, хүчний гидроцлиндрийн хөдөлгөөнөөр гүйцэтгэнэ.  

Дугуйт ачигчийн чухал гурван үзүүлэлт бол: буулгах өндөр, хөдөлгүүрийн хүч, шанаганы багтаамж юм.

3. Бульдозер

       Бульдозер нь чулуулгийг үелэн ухаж тээвэрлэдэг ажлын хэсгээр тоноглогдсон гинжит буюу дугуйт зүтгүүрт машин юм. Үндсэн үйлдлүүд нь шороо хусах ,  шороо тээвэрлэх ,  шороо буулгах юм.  

Бульдозерийг

  • Явах ангийн төрлөөр нь  гинжит болон хийн дугуйт 
  • Ажлын хэсгийн удирдлагаар нь механик (канатан) ба гидравлик удирдлагатай 
  • Ажлын тоноглолын хийцээр нь эргэдэггүй, эргэдэг, универсал, тусгай хийцтэй гэж ангилна. 

 

4. Замын индүү

       Индүү нь хурдны зам, төмөр зам, нисэх онгоцны буудлын зурвас, далан, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүх төрлийн авто замын ажилд асфальт гадаргууг нягтруулах, далан босгох ажилд өргөн ашиглагдана. 

        Гадаргууг нягтруулах гэдэг нь хөрс, элс, асфальт хольцын хэсгүүдийн хоорондох үрэлт, нэгдлийг арилгахын тулд индүүдэх, цохих гэх мэт аргуудыг ашиглан нягтруулах, ус, агаарыг шахаж гаргах явдал юм. Материалын тоосонцор хоорондын үрэлт ба нэгдэл нь улам бүр нэмэгдэж, нягтруулсан материал нь илүү нягт болдог. Нягтралыг үүсгэдэг хүчүүд нь  даралт, нөлөөллийн хүч, өдөөх хүч, хэлбэлзлийн хүч, үрэлтийн хүч юм. Нягтруулах ажилд дээр дурдсан хүчийг бий болгож чадах машин бол замын индүү юм.

       Индүүг ашиглалтын төрлөөр нь далангийн , хийн дугуйт, асфальтан гэж ангилна. 

5. Сэрээт ачигч 

       Сэрээт ачигч нь урд талдаа сэрээтэй тавцантай  өргөх, зөөх зориулалттай аж үйлдвэрийн машин юм.  Дотоод шаталтын хөдөлгүүр болон цахилгаан батерейгаар цэнэглэх боломжтой. Томоохон агуулах болон үйлдвэр доторх орчинд ашиглагддаг. Үндсэн үзүүлэлт нь ажиллах үеийн жин, өргөх даац, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарна.

6. Автогрейдер 

        Авто замын далан босгох болон автозамыг цас, чулуулгийн нурал, хаягдлаас цэвэрлэх үндсэн зориулалтаар ашигладаг.   Автогрейдер нь хөдөлгүүрийн хүчин чадал, хутганы өргөн, ажиллах үеийн жин, сийрүүлэгч зэрэг үзүүлэлтээс хамааран ажиллах нөхцөл нь өөр өөр байна. Үндсэн бүтэц нь дунд хутга, урд хутга, хойд сийрүүлэгч, хөдөлгүүр , үндсэн шасси гэсэн ажлын хэсгүүдээс бүрдэнэ.